Жинхэнэ БИ-тэйгээ эвлэрэх нь бусдыг ойлгохын эхлэл байдаг

Жинхэнэ БИ-тэйгээ эвлэрэх нь бусдыг ойлгохын эхлэл байдаг
Даблин хот, Ирландын тэнгис, 2023 он

Өөрийгөө таниагүй, өөртэйгөө эвлэрч чадаагүй хүн бусдыг ч байгаагаар нь хүлээн авч чаддаггүй.
Нэгэн цагт би өөрийгөө “туйлын сайн” гэсэн бодлын хүрээнд хайрцаглачихсан байж билээ. Алдаа гаргах эрхгүй, бүхнийг зөв хийх ёстой, бусдын нүдэнд сайхан харагдах хэрэгтэй гэж өөрийгөө шахдаг байв. Тэр үед би ойр дотны хүмүүсээ ч байгаагаар нь хүлээж авч чаддаггүй байлаа.
Яагаад гэвэл би өөрийгөө ч байгаагаар нь хүлээн зөвшөөрч чаддаггүй байсан юм.
Өөртөө уурлах, шүүмжлэх, сэтгэл дотроо өөрийгөө голох тэр мэдрэмж бусдыг ч ойлгох, хайрлах сэтгэлийг минь бүдгэрүүлдэг байсан гэж хэлж болох юм.

Харин нэг өдөр би ухаарсан юм — “туйлын сайн”, “төгс байх ёстой” гэсэн хатуу шалгуурыг би өөртөө төдийгүй, хамгийн хайртай хүмүүстээ хүртэл тавьж байжээ. Тэр л хүлээлт, тэр л төгс төгөлдөрийн хүсэл бидний хоорондын хамгийн гүнзгий ан цавыг үүсгэж байсан юм.
Эндээс би өөрийгөө үнэнээр нь ойлгохгүйгээр, дотоод ертөнцтэйгөө эвлэрэхгүйгээр, хэнийг ч чин сэтгэлээсээ хайрлаж чадахгүй юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

Өөрийгөө таних гэдэг нь зөвхөн “би хэн бэ?” гэж асуух биш,
харин “би яг одоо байгаа энэ байдлаараа ч үнэ цэнэтэй” гэдгээ хүлээн зөвшөөрөх ухаан юм.

Тэндээс л бүх зүйл эхэлдэг.

Энэрэл, уучлал, бусдыг ойлгох чадвар, жинхэнэ хайр, амар амгалан ...